Хан-Уул
Мэдээлэл

“ЭРҮҮЛ АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ” СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарт эрүүл ахуйн зохистой дадал (GMP, GHP)-г өөрсдийн үйл  ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал” сургалтыг зохион байгууллаа.

Эрүүл ахуйн зохистой дадал /GHP, GMP/-ыг нэвтрүүлж баталгаажуулснаар түүхий эдээс эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх шат дамжлага нь ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй бүтээгдэхүүнээр хүн амаа хангах нөхцлийг бүрдүүлж, хүн амын эрүүл мэндэд оруулах хамгийн том хувь нэмэр байх болно.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP, GHP/ нэвтрүүлэхээр ХХААХҮЯ, МХЕГ-тай хамтран интерактив зөвлөмжийг боловсруулан гаргасан.

Зөвлөмж нь хүнсний үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд, туслах материал, боловсруулах технологи, шат дамжлага, эцсийн бүтээгдэхүүн, савлагаа, шошгололт, бүтээгдэхүүний бүртгэл, баталгаажуулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, бохирдолтоос хамгаалах, ажилтны хувийн ариун цэвэр, эрүүл мэндэд тавих шаардлага, мэдлэг, мэргэжил дээшлүүлэх сургалтын тогтолцоо, олон нийттэй харилцах, бүтээгдэхүүнийг эргүүлэн татах, дахин боловсруулах, устгах, хүнсний үйлдвэр, үйлчилгээний газрын дотоодын хяналтын тогтолцоо зэрэг асуудлыг багтаасан 14 хэсгээс бүрдсэн.

Энэхүү зөвлөмжөөр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, нэгж бүхэнд үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой зөв дадлыг нэвтрүүлэх, хоолны чанар, шимт тэжээлийн агууламжийг дээшлүүлэх жор, технологийг мөрдүүлэх талаар салбарын хууль эрх зүйн мэдээллийг хүргэх,  үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах сайн дадлыг хэвшүүлэх ач холбогдолтой, үр дүнтэй  сургалт болж өнгөрлөө.