Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестатчиллын шалгалт зохион байгуулах чиглэл танилцуулах нэгдсэн сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Сургалтанд 2018 оны Аттестатчиллын шалгалтанд хамрагдах худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтан, менежерүүд хамрагдаж, аттестатчиллын удирдамжийг танилцуулан холбогдох зөвлөмжийг өгч, санал солилцлоо.
Сургалтанд Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”, “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” болон “Манай хороо-Миний гудамж” аян, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Монгол улсын “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль, Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Монгол Улсын барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага /МNS6523:2013/” стандартын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээ, мэдээлэл өгч, нийслэл хотынхоо бүтээн байгуулалтанд өнгө дэвшил нэмж, ногоон орчныг бий болгон, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажилд идэвх санаачлагаа өрнүүлэн оролцохыг аж ахуйн нэгж байгууллагад уриаллаа.
Аттестатчиллын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хуулиудын хэрэгжилт, стандартын шаардлагын биелэлтийг хэрхэн хангасныг шалган үнэлэлт дүгнэлт өгч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын стандартын шаардлага хангасан өөх тос баригчийг суурилуулсан байдал, худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалт чанар, аюулгүй байдал, хүнсний сав баглаа боодлын шошго стандартын дагуу байгааг шалган, Улаанбаатар хотын татвар суутгагчаар бүртгүүлж, татварын программ суулгасан кассын аппараттай эсэх, хаяг, гэрэлтүүлгийг хэрхэн шийдсэн, хоолны цэс, хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд шим тэжээлийн мэдээллийг тусгасан байдал, хүүхдэд зориулсан хоолны цэс, хүүхдийн нас биений онцлогт тохирсон ширээ, сандал байршуулсан эсэх, хүүхэд саатуулах булан буюу хүүхдийн амрах орчин бүрдүүлж, гэр бүлийн өрөөг тусгайлан тохижуулж хүүхдэд ээлтэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлж буй зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан аттестатчиллыг явуулна.
Аттестатчиллын шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл батлагдсан удирдамжийн дагуу явуулах ба аттестатчилалд дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 130 гаруй газар хамрагдана.