Хан-Уул
Мэдээлэл

“ОРЧНЫ БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ” ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт “Иргэдэд экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлнэ” гэж тусгасан.

Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор  Нийслэлийн байгаль орчны газраас Нийслэлийн Боловсролын газартай хамтран ЕБС-ийн сурагчдад  “Орчны бохирдлоос сэргийлэх экологийн цуврал сургалт”-ыг нийслэлийн сургуулиудад зохион байгуулж байна.

Уг сургалтын гол зорилго хөрсний нянгийн бохирдлын хэмжээ харьцангуй ихтэй нийслэлийн гэр хорооллын бүсийн ерөнхий боловсролын сургуулиудын тодорхой сурагчдыг хамруулах, сурагчдаар дамжуулан сургуулийн нийт сурагчид болон гэр бүлийн гишүүдэд нь хөрсний бохирдлын хор уршиг болон хамгааллын талаар ойлголт өгөх, ялангуяа ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй хөрсний бохирдолтоос урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ болон хүрээлэн буй орчны хамгааллын тухай ойлголт мэдээлэл, зөвлөмж өгч ажиллахад оршино.

“Орчны бохирдлоос сэргийлэх экологийн боловсрол” олгох сургалтыг 2018 оны 04 сарын 24-26-ны өдрүүдэд БУЦС,34 дүгээр сургууль дээр зохион байгуулсан бөгөөд  сургалтад дунд ,ахлах ангийн эко клубын 240 сурагч,нийгмийн ажилтнууд хамрагдлаа. Сургалтыг НБОГ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан, Ц.Цолмонбаатар нар зохион байгууллаа.