Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР ЭЭЛЖЭЭР ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНААС ХАЛАГДСАН ДАЙЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ, АЖИЛД ЗУУЧИЛЛАА

Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг хүлээн аван хүндэтгэл үзүүлэх, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагатай хамтран ажлын байраар хангах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ нэр төртэйгээр хааж, халагдаж ирсэн дайчдад хандан баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албанаас уг арга хэмжээнд дэвсгэрийн бус 24 ААНБ-ын 220 ажлын байрны захиалгатай оролцож, халагдаж ирсэн дайчдыг бичиг баримтын хамт хүлээн авч, ажлын байранд зуучиллаа. Ажлын байранд нийт 38 иргэнийг бүртгэж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, хөдөлмөрийн зах зээл, сул ажлын байрны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. 19 иргэн ажил мэргэжлийн сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн байна. Байнгын ажлын байранд  3 иргэнийг “Магнай трейд” ХХК-д зуучилих үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Загвар төв”, Алтан боломж сургалтын төв, Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “Аравт секьюрита сервис” хамгаалалтын алба, Шайда цонх ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн ажилтан, мэргэжилтэнгүүд оролцлоо.