Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлага зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагыг 2018 оны      05 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/127 дугаар захирамжаар цэрэг татлагын үйл ажиллагаа Ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургууль дээр өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.

2018 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд нээж үг хэллээ. “Хан-Уулчууд та бүхэнд энэ  өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнөөдөр улс нийтээр зохион байгуулагддаг Цэрэг татлагын үйл ажиллагаа уламжлал ёсоор дүүргийн хэмжээнд эхэллээ. Өвөг дээдсийнхээ баатарлаг уламжлалыг хадгалан үргэлжлүүлэх залгамж халаа болсон залуучууд та бүхэн эцэг эхийн хүү байсан бол өнөөдрөөс эх орны хүү болж, Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийнхээ дагуу цэргийн жинхэнэ албанд татагдахаар ирсэн. Цэргийн албанд татагдахаар ирсэн залуучууд та бүхэндээ эх орноо батлан хамгаалах ариун үүрэгтээ үнэнч байж, цэргийн жинхэнэ албаа нэр төртэй үлгэр жишээчээр хааж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна. Монгол Улсын тусгаар тогтнол халдашгүй дархан байдлыг ямагт өндөрт өргөн, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэнэ гэдэгт Хан-Уул дүүргийн залуус та бүхэндээ би итгэж байна” хэмээлээ.

Шинэчлэн найруулсан Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 19.1-д Монгол Улсын иргэн нь эх орноо батлан хамгаалах бэлтгэлтэй байх, хуулиар тогтоосон иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлэх гэж заасан байдаг.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр иргэд хэд хэдэн хэлбэрээр цэргийн албыг хаах боломжтой болсон. Үүний нэг нь хугацаат цэргийн алба хаах хэлбэр бөгөөд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар цэргийн эрдэмд суралцаж, бие бялдарын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болон хүмүүждэг.
Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн батлагдсан цэргийн албаны тухай хуулинд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орох аж.