Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгатай хамтран “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөгийг /2018.05.07/ өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

“Үргэлж тантай хамт” өдөрлөгийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажиллагаанд идэвх зүтгэл гаргаж, цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олонд зориулж “Талархал”-ын тоглолт зохион байгуулж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2017-2018 онд үйл ажиллагааг дэмжин, үр дүнтэй хамтран ажилласан  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд “Өргөмжлөл” дурсгалын зүйл гардууллаа.

Өргөмжлөлийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд хүлээн авч, үг хэллээ. “Цагдаагийн байгууллагыг дэмжин ажиллах нь дүүргийн Засаг даргын үүрэг. Үүргийнхээ дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017- 2018 онд Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэйгээ хамтран олон ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Та бүхний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд Хан-Уул дүүргийн 170 мянга гаруй иргэн аюулгүй, амар тайван амьдарч байна. Иргэдийнхээ сайн сайхны төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж яваа цагдаагийн албан хаагчдын ар талыг нь дааж явдаг гэр бүлд нь мөн талархал илэрхийлье. Цаашид дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийг бүх талаар нь дэмжиж, хамтран ажиллана. Бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Хан-Уул дүүргийн иргэн бүр амар тайван, амгалан амьдрах болтугай” хэмээлээ.

Соён гэгээрүүлэх өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, албан хаагчид, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид идэвхтэй оролцлоо.