“Манай хороо- Миний гудамж” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо” хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, аюулгүй байгаа эсэхэд газар дээр нь үнэлгээ хийж цаашид шат дараатайгаар засаж янзлахаар ажиллаж байна.
Засаг даргын Тамгын газраас тэргэнцэртэй иргэдтэй гэрээ байгуулан үнэлгээ хийгдэхэд шаардлагатай төсөв мөнгийг нь гаргаж өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр өөрсдөөр нь үнэлгээ хийлгүүлж байгаагаараа тус ажил онцлог юм.
Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө үнэлгээ дүгнэлт хийснээр тухайн ажил илүү үр дүнтэй үнэлэгдэж дүгнэгдэх юм. Тус үнэлгээ 2018 оны 05 дугаар сарын 14-30 хооронд үргэлжилнэ.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд мэдээлэл өглөө.
Засаг даргын Тамгын газрын дарга Б. Энхболд:
Хан-Уул дүүрэг нийт 170,000 иргэдтэй хөгжлийн бэрхшээлтэй 5300 иргэн байна. Дээрх иргэдээс маань гудамж талбайн уулзвараар зорчих, байгууллага аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхэд орц гарч стандарт бусаас болж хүндрэл бэршээл учирдаг талаар санал хүсэлт гаргадаг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотойгоо хамтраад ХУД-т байгаа 16 хорооний нийтийн эзэмшлийн зам талбайд өөрсдөө бодит байдал дээрх үнэлгээ хийгээд бидэнд өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бидэнд бодиттой судалгаа үнэлгээ өгч байна. Үнэлгээгээ судалгаа бүрэн дуусахад бид бүхэн энэ судалгаанд үндэслээд стандартын дагуу зам талбайг шат дараатайгаар янзалж засах юм. Манай дүүрэг хөгжлийн бэршээлтэй иргэдээ их анхаарч ажилдаг.
Жишээ нь дүүргийн байрны гадна зогсоолд хоёр автомашины зогсоолыг ногооноор будаж янзлаад зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд машинаа тавьдаг болгосон. Мөн нийтийн бие засах өрөө, нэг цэгийн үйлчилгээний төвөө хүртэл эдгээр иргэддээ зориулж засаж янзалсан байгаа. Нэгэнт баригдаад одоо ашиглаж байгаа ч стандартаар нь бариагүй зам талбайг үе шаттайгаар засаж янзлан гэж төлөвлөж байгаа. Энэ ажлын минь гол онцлог нь төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно гэсэн хуулийн заалтын хүрээнд энэхүү ажлаа хийж байна. Энэ ажил бүрэн хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хан-Уул дүүрэгт аюулгүй тайван зорчих нөхцөл бүрдэнэ.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ багагүй ажил хэрэгжүүлж байгаа, цаашдаа ч олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа хэмээлээ.