Хан-Уул
Мэдээлэл

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫ “ШОНХОР” 3 ДУГААР ХОРООНООС 4 ДҮГЭЭР ХОРООНД ШИЛЖИН ИРЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе” уриатай аян Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байна.  Тус аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудаар “Шонхор” аялж буй.


2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны  “Шонхор” дүүргийн 3 дугаар хорооноос 4 дүгээр хороонд шилжин ирлээ.


Хоёр сарын өмнө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Шонхор” хүлээн авсан  3 дугаар хороо 2 сарын хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

  • 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 15 байгууллага, аж ахуйн нэгжийн 132 ширхэг камер суулгаж, харах өнцгийг сайжруулсан байна.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өөрсдөө гэмт хэрэгт өртөхгүй байх талаар хорооны нутаг дэвсгэрт байрлах их дээд сургуулийн 700 гаруй оюутан сурагчдад ёс зүйн болон гэмт хэргийн шинжтэй асуудлууд тулгарвал хэрхэн шийдвэрлэх, хэнд хандах талаар урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж ажилласан байна.
  • Гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх эргүүлийн давталтыг нэмэгдүүлэх хуваарь гарган Их дээд сургуулиуд, аж ахуй нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран хуваарьт эргүүлийг 7 хоног тутам гарган ажилласан байна.

Цаашид 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийг энэ ондоо багтаан бүрэн камержуулахаар төлөвлөн ажиллаж буйг хорооны Засаг дарга цомыг хүлээлгэн өгөхдөө онцлон хэллээ.

Цомыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуягт хүлээлгэн өгч, хорооныхоо иргэдийн амар тайван аюулгүй амьдралын төлөө тус аяны хүрээнд идэвх санаачлагатай оролцохыг уриаллаа.
Хуваарийн дагуу 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудаар 2 сарын хугацаатай “Шонхор” дамжин явах юм.
Шонхор хүлээн авсан аж ахуйн нэгж байгууллага нь дүүргээс зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аянд нэгдэн аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм.
Үүнд:

•           Гадна дотор орчиндоо стандартын шаардлага хангасан камер суурилуулах, камерын үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэгт гэрэлтүүлэг тавих, камерын хяналтын бүс гэсэн анхааруулга, санамжийг тухайн орчинд байршуулах,
•           Байгууллагын ажилчдыг 7 хоногийн хуваарийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн хэлтэстэй хамтран эргүүлд томилон ажиллуулах,
•           Ажилчиддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шинээр гарсан хуулиудаар сургалт зохион байгуулах,
•           Хууль сурталчлах самбар байгууллага дотор байршуулан эрх зүйн гарын авлага материал байршуулан, шинээр гарсан хуулиудыг сурталчлах, ажилчдыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж, цаашид тогтмолжуулах,
•           Зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээг хэвлэл мэдээллийг хэрэгслээс сурталчлах.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе!

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар