Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн хэрэгт хийсэн сүүлийн үеийн судалгаагаар 50 хувь нь 16 хүртэлх насны хүүхдүүд буюу жилд 1000 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогддог гэх судалгаа байдаг байна.
Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи зэрэг гэмт хэрэгт холбогдсон байдаг аж. Харин тэдний гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хөнгөн хийсвэр зан, хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн хариулсан байдаг байна.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үйл явц, хууль, эрх зүйн мэдээллийг сар бүр тогтсон хувиараар шат дараатай өгөх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулаад байна.
Хуваарийн дагуу өнөөдөр ЕБС-ийн ахлах ангийн 114 , Буянт Ухаа цогцолбор сургуулийн 45 сурагчид Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үйл явц, шүүхийн танхимтай танилцлаа.
Сургалтаар зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хичээлийг заалаа.
Ингэснээр сурагчид эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэн, хуулийг сахин биелүүлэх, зөв хэрэглэх ёс суртахуунд суралцан, зөрчигдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах талаар ойлголтыг практикт тулгуурлан мэдэж авсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 150 гаруй хүүхэд сургалтанд хамрагдаж мэдээ мэдээлэл аваад байна.
Мөн өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох нь тэдний нас болон сэтгэл санааны онцлогтой холбоотой байдаг бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мэдээ мэдээллээр ханган ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт оролцогч сурагчид талархал илэрхийллээ.