Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.Тус эмнэлэг нь 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох юм.
Уг эмнэлгийг анх 8 жилийн өмнө барих шийдвэр гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулж 17.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс өгсөн байдаг. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсны улмаас 2013 онд барилгын ажлыг зогсоосон.
Харин өнгөрсөн онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессийн гэрээ байгуулж 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан барихаар болж өнгөрсөн намраас барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 34 хувийн гүйцэтгэлтэй байсан барилгыг 55 хувийн гүйцэтгэлтэй болгож, барилгын дүүргэлт, дээврийн ажлыг дуусгаж, дотор болон гадна шугам сүлжээ, гадна талбай, хаалга цонхны ажил үргэлжилж байгаа хэмээлээ.
Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг, Хан-Уул дүүргийн удирдлагууд холбогдох албаны хүмүүс оролцлоо.