Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчин болон ногоон байгууламжид суурилуулсан тоглоом, техник хэрэгслийн аюулхгүй байдал хангагдсан эсэхэд дүгнэлт гаргах, эрсдэлийг арилгах арга хэмжээ авах зорилгоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очирын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Хан-Уул дүүргийн төрийн өмчийн 130, 52, 18, 32, 41, 118, 114, 59, 26, 10 дугаар сургуулиуд дээр 2018 оны 06 дугаар сарын 29-нд ажиллалаа.
Энэхүү ажлын хэсэгт БСШУСЯ-ны газрын дарга, мэргэжилтэн, Нийслэлийн боловсролын газрын удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын төлөөлөл хамтарч ажилласан байна.
Ажлын хэсгийнхэн:
- Хөл бөмбөгийн талбай, тоноглол, зүлэгжүүлэлт,
- Сагсан бөмбөгийн талбайтай эсэх, самбар цагираг, түүний бүрэн бүтэн байдал,
- Сургуулийн хашаа, ногоон байгууламжийн хамгаалалт,
- Сургуулийн дотор, гадна орчин дахь цахилгааны утас, түүний аюулгүй байдал
- Сургуулийн эзэмшил дэх гэрэлтүүлэг, тэдгээрийн аюулгүй байдал
- Сургууль орчмын барилга угсралтын ажил
- Ариун цэврийн байгууламж, цайны газар, гал тогооны эрүүл аюулгүй байдал
- Камержуулалтын хангамж, бүрэн бүтэн байдал, ашиглалт
- Сургуулийн жижүүр болон албан хаагчдын ажлын чиг үүрэг, хариуцлагын байдал,
- Орчны аюулгүй байдал, тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд зэрэгт эрсдлийн үнэлгээг хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдлийг бууруулах, талаар зөвлөмж чиглэл өгсөн байна.
Мөн сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал, засвар үйлчилгээ, хичээлийн жилийн бэлтгэл хангах, сахилга хариуцлагыг сайжруулах болон хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг санууллаа.
Зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан сургуулийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд байнга хяналт шалгалт хийж, сургуулийн эргэн тойронд болон ойролцоо хийгдэж буй засвар үйлчилгээтэй холбогдуулан ухсан нүх, тогтоол усанд хүүхэд унаж бэртэхээс сэргийлсэн анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ тавих, энэ талаар эцэг эх, асран хамгаалагч болон оршин суугчдад байнга мэдээлж байхыг үүрэг болгохын зэрэгцээ сургууль, цэцэрлэг амарсан ч жижүүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлж, тодорхой үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллах нэмэлт гэрээ байгуулан, сахилга хариуцлагыг өндөржүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.