БСШУС-ын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол” наадам 2018 оны 08 дугаар сарын 10-аас 13-ны өдрийг хүртэл Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. Монгол түмний өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол 2018” наадамд Хан-Уул дүүргийн 50 гаруй шалгарсан авъяастнууд амжилттай оролцлоо.
Тус наадам нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд соёлын биет бус өвийн зүйлүүд, тэдгээрийг өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.
“Нүүдэлчин Монгол” наадамд Хан-Уул дүүргээс Д.Явгаан /МУГЖ/, Д.Надмид /МУГЖ/, Ш.Даваахүү /МУГЖ/ тэргүүтэй соёлын бие бус өвийг өвлөн тээгч, уламжлагчид оролцлоо. Мөн морин поло, үндэсний бөх, сур, буриад, урианхай сур, ширээний шагай, уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах, жороо морины уралдаан, тэмээ, бүргэдийн баяр, сарлагийн уралдаан зэрэг тэмцээн уралдаанд Хан-Уул дүүргийн баг тамирчид амжилт үзүүллээ. Үүнд: Ширээний шагайн төрөлд: Мөнгө, Буриад сурын харвааны төрөлд: мөнгө, Үндэсний сурын харвааны Хасаа төрөлд: эрэгтэй- алт, мөнгөн медаль. Эмэгтэй: мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Их наадмын үеэр МУЗГ-ын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Э.Уянга, 5 дугаар хорооны иргэн Д.Мөнхчулуун нар, “Тэргүүний ардын авьяастан” тэмдгээр 13 дугаар хорооны иргэн Н.Цэдэв, 3 дугаар хорооны иргэн Д.Цэрэнжид нар, БСШУСЯ-ны “Хүндэт жуух”-аар 7 дугаар хорооны иргэн М.Гантулга, 14 дүгээр хорооны иргэн Д.Бямбажав нар тус тус шагнагдлаа.
Түүнчлэн соёлын биет бус өвийн “Ардын урлагийн их наадам”-д оролцож амжилт гаргасан Д.Явгаан эх хэл аман уламжлал, Я.Цэнд-Аюуш угийн бичиг, Н.Цэдэв язгуур урлагийн төрлөөр оролцож “Язгуур урлагийн арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн өвлөн эзэмшигчээр шалгаран шагнууллаа. Мөн их наадмын оролцогч Д.Сувд-Эрдэнэ Ш.Даваахүү, Д.Надмид нарыг Соёлын биет бус өвийг өвлөн тээж, уламжлуулан түгээн дэлгэрүүлсэн үйлсийг нь үнэлэн Ардын урлагийн их наадмын хүндэт медалиар шагнуулсан юм.