Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр ёслол төгөлдөр боллоо.

2018 – 2019 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн төрийн өмчийн 29 цэцэрлэг, төрийн бус өмчийн 88 цэцэрлэгт 16800  хүүхэд хүмүүжин, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 38 сургуулийн 921 бүлэгт  26400 гаруй  сурагч суралцаж, 1986 үндсэн багш ажиллаж байгаа бөгөөд  сургуулийн өмнөх боловсролд  хамрагдалт урьдчилсан байдлаар 85%-д хүрээд байна. Энэ хичээлийн жилд  Хан-Уул дүүргийн 4373 сурагч шинээр эрдмийн алтан босгыг алхан орж байна.

Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ.

Тэрбээр “Хан-Уул дүүргийнхээ  боловсролын салбарт ажиллаж буй, албан хаагчид, эх орны хойч, ирээдүй болсон хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхэндээ 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

Хан-Уулчууд  олон сайхан  шинэлэг ажлуудаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Жишээ нь: Өнгөрсөн хичээлийн жилд бага, дунд ахлах ангийн сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, бага ангийн багш нарын төлөөллөөс 48 багш, удирдлагыг БНСУ, ОХУ, Өвөр монголын боловсролын салбарын туршлага судлах уулзалт, сургалт семинарт бүрэн  хамруулсан төдийгүй сургууль, цэцэрлэгийн удирдлага багш нарыг аймаг орон нутгийн боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүллээ.

Түүнчлэн энэ хичээлийн жилд 13 дугаар хорооны 144 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ор бүхий өргөтгөлийн барилга ашиглалтанд орж, тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамргдах бүрэн боломжтой болж байна.  Мөн 26 дугаар сургуулийн гадна спорт чийрэгжүүлэлтийн талбайг тохижуулж, дээврийн засварлан сурагчдын сурах эрүүл, аюулгүй, таатай нөхцөл боломжийг хангасан зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдээд явж байна. Цаашдаа Хан-Уул дүүргийн хүүхэд багачууддаа сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулж сурч боловсрох орчинг бүрдүүлэхийн төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно. Та бүхэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе” хэмээн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.

е