Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл Мэндийн Төвийн шинэ барилгын шав тавих ёслолын арга хэмжээ /2018.09.26/ өдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Э.Бодьцэцэг, Туул тосгоны ЭМТ-ийн дарга М.Цогтгэрэл болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нийслэл хотоос 52 км алслагдсан зайд орших тус Эрүүл Мэндийн Төв нь Туул тосгоны 5000-7000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. 1964 оноос хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй нийт 15 ортой эмнэлгийн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа больж, ан цав үүссэн тул холбогдох мэргэжлийн байгууллагуудаас үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гарсан билээ.
Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн А/88 захирамжийн дагуу Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 32 ортой, дөрвөн давхар эмнэлгийн барилга угсралтын ажлыг “Нью Констракшн” ХХК эхлүүлээд байна. 2019 оны 08 дугаар сард ашиглалтанд орж Био комбинат болон Өлзийт хорооллын иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм.