Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Ариунаа, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Хүрэлбаатар, Н.Батбаяр нар болон орлогч, ахлах прокурорууд, нийт шүүгч нар, Цагдаагийн хэлтсийн дэд, тасгийн дарга нар, нийт прокурорууд, эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч нар оролцлоо.
Тус прокурорын газраас “2018 оны 3 дугаар улирлын байдлаар хяналт тус бүрийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашид анхаарах асуудал”, дүүргийн Цагдаагийн хэлтсүүдээс “Зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч нараас гаргаж байгаа алдаа зөрчлийг арилгуулах талаар энэ онд авч хэрэгжүүлсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, хүрсэн үр дүн”, мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Шүүхээс зөрчлийн болон эрүүгийн хэргийг шийдвэрлэж буй байдал, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудаас цаашид анхаарах асуудал”-ын талаар зөвлөгөөнд тус тус мэдээлэл хийсэн байна.
Зөвлөгөөнөөр зөрчил шалгах болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шатанд гарч байгаа алдаа зөрчил, дүүргийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хамтран хэлэлцэж, он дуусахад үлдсэн хугацаанд хэрэг бүртгэлтэнд шалгагдаж буй гэмт хэрэг үйлдсэн этгээд хэн болох нь тодорхой хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй алдаа зөрчлүүдэд анхаарч, давтан гаргуулахгүй ажиллах, хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар бүрт харилцан мэдээлэл солилцож, шуурхай шийдвэрлэн ажиллах.
Мөн энэ оны 5 дугаар сард Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн хэлтсүүд болон бусад газруудтай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж-хамгаалъя” сэдвээр зохион байгуулсан зөвлөгөөнөөс гарсан Зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллагаанд шалгагдаж байгаа Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, насанд хүрээгүй хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг шат шатандаа шуурхай шалгаж, шийдвэрлэх” талаар нэгдсэн шийдвэрийг гаргаснаар зөвлөгөөн амжилттай өндөрлөсөн байна.