Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулагдсан “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аяны хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнтэй хамтран Эко клубын багш, сурагчдад хог ангилан ялгах үйл ажиллагаа болон хог дахин боловсруулах үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгууллаа.
Энэхүү аялалд Эко клубын 28 багш, сурагчид хамрагдсан бөгөөд Хан-Уул дүүргийн хог хаягдлыг ангилан ялгах ажлын явц, хог хаягдлыг дахин боловсруулах “Мог Пластик” ХХК, “Сайн цаас” ХХК-ийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Мөн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд “Эко клуб”-ын багш, сурагчдыг хүлээн авч дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, хог хаягдал, түүний ангилан ялгалтаар танилцуулга хийж, чөлөөт ярилцлагыг өрнүүллээ.
Түүнчлэн тус аялалд Япон улсын Китакюшу их сургуулийн (The University of Kitakyushu) багш, профессор Хироюки Миякэ оюутнуудын хамт оролцож хог хаягдлыг ангилан ялгах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн бөгөөд нөлөөллийн маш үр дүнтэй арга хэмжээ болсныг онцоллоо.
Тус клубын сурагчид өндөр сэтгэгдэлтэйгээр буцсан бөгөөд сургуулийнхаа хүрээнд хэрэгжүүлэх олон шинэлэг санааг олж авч, өөрсдийнхөө хүрээлэлд сурталчлан таниулахаа амлаад аялалынхаа төгсгөлд “Эх орныхоо ирээдүйн төлөө хогоо ангилж хэвшицгээе” уриа хэлснээр нэг өдрийн аялал өндөрлөлөө.