Авахаасаа илүүтэй өгөх нь ерөөлтэй гэдэг үг бий. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Ч.Ганхуягийн санаачилагаар хорооныхоо бүтэн өнчин Н.Баярмааг охин 6 жилийн турш үнэ төлбөргүй “Алтан-босго” Хятад хэлний гүнзгийрүүлсэн бүрэн дунд сургуульд 7-12 дугаар анги төгстлөө суралцахаар боллоо.
Н.Баярмаа 34 дүгээр сургуулийн 7 дугаар ангид суралцдаг байсан бөгөөд хичээл сурлагадаа сайн, сэргэлэн цовоо гэдгийг түүний ангийн багш нь онцлон хэлж, хорооны Засаг дарга нь шаргуу хөөцөлдсөний үр дүнд өнөөдөр гэрэлт ирээдүйрүүгээ нэг алхмаар ойртсон баярт үйл явдал боллоо.
“Алтан-босго” Хятад хэлний гүнзгийрүүлсэн бүрэн дунд сургууль нь 1-5 дахь өдөр хүртэл сурагчид нь сургууль дээрээ байрлаж суралцдаг бөгөөд жилийн төлбөр нь 3,800,000 төгрөг.
Ийнхүү Н.Баярмаа 12 дугаар ангиа төгстлөө хоол, байр, сургалтын төлбөр гэж санаа зовохгүй зөвхөн хичээл сурлагадаа анхаарах л үлдлээ. Цаашдаа хичээж суралцвал гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж гадаадын нэр хүндтэй сургуульд боловсрол эзэмших бүрэн боломжтой гэдгийг сургуулийн захиргаанаас ч хэлсэн юм.
Тэрбээр “Надад маш их эрч хүчийг өглөө. Мөн надад маш их хариуцлага оногдож байна. Ийм гоё сургууль 5 жилийн турш үнэ төлбөргүй суралцана гэдэгтээ итгэж чадахгүй байна. Хорооны Засаг дарга Ч.Ганхуяг болон сургуулийн захиргаанд баярлаж, талархсанаа илэрхийлье” хэмээлээ.
Сайн санаат хүмүүсийн дэмжлэг туслалцааны ачаар олон сайхан хүүхэд амьдралдаа хөл алдахгүй гэрэлт ирээдүйтэйгээ учран золгодог. Сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрэх болтугай.