Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү дадлага сургуулиар гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж сургах, дадлагажуулах зорилготой юм.
Энэхүү дадлага сургуулийг нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг ард иргэдэд олгох, аж ахуйн нэгж байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхийг зорьж байгаа бөгөөд өнөөдөр /2019.03.27/ Хан-Уул дүүргийн Онцгой комисс хуралдаж дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Онцгой комиссын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн 3 дахь удаагийн хуралдааныг зохион байгууллаа.
Тус хуралдаанаар дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан иж бүрэн сургуулийн үед иргэдийг нүүн шилжүүлэх болон нүүлгэн шилжүүлэх газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн зохион байгууллалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.