Хан-Уул
Мэдээлэл

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2019.05.15) УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан-Уул дүүргийн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, газар дээр нь танилцаж ажиллалаа.

 

Хан уул дүүргийн 12, 13-р хорооны Сонгино, Биокомбинат, Шувуу фабрик орчим, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэд Туул голын ай савд аж төрдөг билээ. Сүүлийн жилүүдэд, тухайлбал, 2006 оноос эхлэн Туул гол асар ихээр бохирдох болсноор энэ нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх онц ноцтой зөрчигдөж, байгаль орчинд аюултай буюу гамшгийн байдал нүүрлээд байгааг дүүргийн удирдлагууд, иргэд удаа дараа тавьж ирсэн.

 

Дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр буюу Шувуу орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна. Тэнд 85 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 40 гаруйнх нь эрхийг цуцалж, 24-т нь холбогдох албанаас мэдэгдэл хүргүүлсэн ч одоо 50 гаруй аж ахуйн нэгж ажилласаар байгаа бөгөөд Ашигт малтмалын ХЭГ-аас нэмж олборлолтын зөвшөөрөл олгосон, хайрга дайрга олборлолт, тээвэрлэлтийн улмаас их хэмжээний шороо тоос босож, амьсгалах агааргүй шахам болдог талаар зам тосож цугларсан хорооны оршин суугчид хэлж байлаа.


Хоёр жилийн өмнө эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны болон дүүргийн төр, захиргааны байгууллага ын шийдвэрээр цуцалж, олборлолт хийхийг хориглосон ч Шүүх дээр очоод Эвлэрлийн гэрээ болж хувирснаар дахин олборлолт хийх болсон талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлж, дүүргийн Засаг дарга газар дээр нь УИХ-ын даргад танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Цаашид нөхөн сэргээлт хийгээгүй ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн  цуцалж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллана гэлээ. Мөн тус ажлыг  тодорхой хугацааны дараа шалган, үр дүнг тайлагнан ажиллахыг холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.