Дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн алслагдсан хороод буюу 12,13,14 дүгээр хороонд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Дээрх зорилтын хүрээнд сүүний үнээний жишиг фермүүдийн үйл ажиллгаатай танилцах, малчид, фермерүүдийг харилцан туршлага судлуулах зорилгоор “Аялал” сургалтыг 2019 оны 05 сарын 24-ний өдөр Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс зохион байгууллаа.
Туршлага судлах аялалд оролцсон 40 гаруй малчид, фермерүүдэд хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, дүүргийн ЗДТГ-аас сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдыг дэмжих чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл хийж, Төв аймгийн Ар хуст суманд байрлах “Нүүдэлчин агро”, Баяндэлгэр суманд байрлах “Хишигтэн нүүдэлчин” фермийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцож, мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг практик дээр биечлэн авсан үр дүнтэй сургалт боллоо.
Дашрамд дуулгахад дүүргийн Зайсан, Яармаг, Нисэх, био комбинатын хороодод мал аж ахуй эрхлэхийг хориглож, 13, 14 дүгээр хороонд эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч 2018 онд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 79 өрхийн 2493 малыг зөвшөөрсөн бүс нутагт нүүлгэн шилжүүлсэн ч, иргэд эзэнгүй хариулгагүй орхисноос суурьшлын бүсэд мал орж ирсээр байна.
Иймээс хот орчимд бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй иргэд эрчимжсэн мал аж ахуй /ферм/ -руу шилжих зайлшгүй шаардлагатай байна. Цаашид нийслэл, дүүргээс эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, малын тэжээлийн таримал тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, салбарт ажиллагсдыг мэргэшүүлэх чиглэлээр нэлээдгүй ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.