2019 оны 05 дугаао сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй дүүргийн удирдлагууд 41 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэг сургуулийн өмнөх 2-5 насны 640 гаруй хүүхдэд 44 багш, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээ үзүүлэн ажилладаг. “Эко бүлэг” салбар цэцэрлэгтэй бөгөөд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчдын хүүхдүүд тус цэцэрлэгт хамрагддаг. Ингэснээр нийт 14 бүлгийн 700 гаруй хүүхдэд 50 гаруй багш, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Тус цэцэрлэг нь экологийн боловсролын чиг хандлагыг өөрийн үйл ажиллагаандаа туршин хэрэгжүүлж багш, ажилчид, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй ногоон орчинг бүрдүүлэн, сургалтын орчны шинэчлэл хийх зорилгоор “Ногоон цэцэрлэг” аяныг дэмжсэн туршлагаа холбогдох албаныханд танилцуулж, туршлага солилцох, туршлагаа түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгааг онцлон хэллээ.
“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт”-ыг хэрэгжүүлж “Тоглоомын төв”, “Зан заншлын төв”, “Бүлгийн номын төв”, “Туршилт танин мэдэхүйн төв”, Урлаг уран сайхны төв”, “Цэцэрлэгийн гаднах талбайн ногоон байгууламж, өвөл зуны хүлэмж”-ийг стандартын дагуу хийснийг танилцуулав.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Багш ажилтны ажиллах тав тухтай эрүүл аюулгүй орчин, 700 хүүхдийн сурч хөгжиж, хүмүүжин, төлөвших орчныг орчин үеийн жишигт нийцүүлэн бий болгож буй арга туршлагаа түгээн дэлгэрүүлэн ажиллаж байгаа цэцэрлэгийн эрхлэгч, хамт олонд баяр хүргэе. Цаашдын ажилд нь амжилт хүсэе” хэмээв.