Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгцээтэй нэгэндээ өгцгөөе” уриатай “Өгөөмөр өдөр” арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 11 цагаас 17 цагийн хороонд Хан-Уул дүүргийн 2-р хороо “АЖИЛЧДЫН АЛДАР ТАЛБАЙ”-д зохион байгууллаа.
Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 54 албан хаагч шинэ хувцас, хүүхдийн тоглоом, зарж борлуулсан барааныхаа орлогыг хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхдэд хандив болгон өглөө. Мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК ном, цүнх, хувцас хэрэглэл, тоглоом зэргийг хандивлаж өдөрлөгт нэгдлээ.
Хан-Уул дүүргийн 16 хороодоос үйл ажиллагаанд оролцож байгаа иргэд, олон нийтэд хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ном, живх, үсний гоёл, зайрмаг зэрэг олон төрлийн зүйлийг бэлэглэж, хөгжөөнт тоглоом наадгай, урлагийн тоглолт зохион байгууллаа.
“Өгөөмөр өдөр” өдөрлөгт нийт 30 гаруй иргэд, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, хороод, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Нэгдсэн эмнэлэг зэрэг 60 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага давхардсан тоогоор 4263 ширхэг бараа, бүтээгдэхүүн хандивласнаас 157,770 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулсан бөгөөд энэхүү орлогыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх сайн үлсэд хандивлав.
Арга хэмжээнд оролцсон аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтийн зүгээс дээрх үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагийн хамт, цаашид энэ төрлийн үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон хороодод зохион байгуулах саналыг гаргалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.