Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН АР ГЭРИЙНХЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарын 270 гаруй иргэдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын дарга Б.Цэрэн нээж, үг хэлсэн юм. Тэрбээр: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг дурсан санаж, нэр төрийг нь сэргээж, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө, хүндэтгэл үзүүлэх учиртай энэ түүхэн өдөр Монгол Улсын Их Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын болон дүүргийн салбар комиссын өмнөөс та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, бас заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд үе бол бүх нийтийг хамарсан улс төрийн их хэлмэгдүүлэлт юм. Цаашид хэлмэгдэгсдийн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь мөнхжүүлэх, санаж сэдэж, хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах болно” хэмээн хэллээ.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дотоод ажил, хамтын ажиллагаа, салбар комисс референт Ц.Отгонбаяр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох” тухай хуулийн шинэчлэл болон Монгол Улсын хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд тэдгээрийн үр хүүхдэд үзүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр “Дээд бодь” хийдийн лам нар маанийн ерөөл, хийморийн сан, буян хишгийн даллага айлдсан бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн анхан шатны үзлэг явуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд зөвөлгөө өгч, мэдээ, мэдээлэл хүртээж ажилласан юм.