Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн хороодын хэсгийн ахлагчдын зөвлөлдөх уулзалт жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Уламжлал ёсоор хэсгийн ахлагчийн гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлон тэдний ажлын үр дүнг дээшлүүлэх зорилготой зөвлөгөөн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж, үг хэллээ. “Төр засгийн бодлого шийдвэрийг айл өрх, иргэн бүрт шуурхай хүргэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, нийслэл, дүүрэг, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан чин сэтгэлээсээ ажилладаг та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Жилээс жилд дүүргийн хүн ам өсөж та бүгдийг ажлын ачаалал нэмэгдэж байгаа учраас хэсгийн ахлагч нарын ажиллах орчин, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 2019 онд багагүй ажил хийгдсэн. Үүний үр дүнд Нийслэлийн “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах уралдаанд Хан-Уул дүүргийнхэн тэргүүлж, шилдэг хэсгийн ахлагч буюу “Шилдэг баг”-аар 16 дугаар хороо шалгарсан. Цаашид хариуцсан ажилдаа хариуцлагатай, идэвх зүтгэлтэй хичээн ажиллаж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийг хүсье” хэмээн үйл ажиллагааг нээлээ.

Зөвлөлдөх уулзалтанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг нар оролцож, дүүргийн 21 хороодын 180 хэсгийн ахлагчдын санал хүсэлтийг сонсон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсанаар зөвлөлдөх уулзалт үргэлжиллээ.

Үргэлжлүүлэн илтгэгч Н.Банди-Цэрэн урилгаар хүрэлцэн ирж харилцаа хандлага сэдвээр илтгэл тавьсан үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөлөө.