Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭН ЯВУУЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН БАГЦ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс,  дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд аж ахуй нэгжүүдэд зориулсан багц сургалтыг амжилттай зохион байгуулж ажиллалаа.

Тус сургалтад Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрах “Татварын шинэчилсэн хууль”, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ёс зүйн хорооны дарга Ш.Энхтөвшин “Ёс зүйтэй мэргэжилтэн”, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүү бүртгэлийн тасгийн дарга Б.Ичинноров “Нийгмийн даатгалын тухай хууль, эрх зүйн шинэчлэл”, Үг урлаачдын нийгэмлэгийн (Чила) лектор Г.Бандицэрэн нар “Стрессийг хэрхэн даван туулах” тус тус сэдвээр хичээл, илтгэлийг тавьж оролцлоо.

Сургалтанд төсөвт байгууллагын болон дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нийт 400 гаруй удирдах ажилтан, санхүү, бүртгэл  эдийн засгийн ажилтнууд хамрагдаж, шаардлагатай мэдээ мэдээлэл авч, сургалтанд хамрагдлаа.

Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн, Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүү, бүртгэл, эдийн засгийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлсэн, 2020 оноос хэрэгжих Татварын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, эрх зүйн шинэчлэл холбогдох бусад хууль тогтоомж, журмыг сурталчлах, санхүүгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.