Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болон дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн зөвлөгөөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдан 14 хоногийн хугацаанд гарсан цаг үеийн асуудлуудын талаар хэлтсийн дарга нар мэдээлэл танилцууллаа.
Зөвлөгөөний эхэнд Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээлэл танилцууллаа. Монгол улсын хувьд лабораторийн шинжилгээгээр сэжигтэй 135 хүнээс шинжилгээ авч сөрөг гарсан. Одоо ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүн, аймаг орон нутагт тусгаарлагдсан Дорнод-1, Замын-Үүд-1 иргэн байгаа бөгөөд шинжилгээ хийгдэж байгаа талаар мэдээлэв.
Мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа нийслэл рүү орох, гарах хил болон постуудад хяналт тавьж байна. Шинэ коронавурисээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдэгдлүүдийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар Цагдаагийн газрын дарга Д.Манлайбаатар мэдээлэл хийхдээ нийт 595 өргөдөл, гомдол иргэдээс ирсэн. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 111 буюу 15.9%-иар өссөн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол 23 буюу 13.8%-иар өссөн талаар мэдээлэл өгч, Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа талаар танилцууллаа.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Covd-19 шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай хүч хэрэгслийг дайчлах, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах иргэн, аж ахуй нэгж байгууллага, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хүн амд зориулж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан түгээж шаардлагатай үед хариу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо.
Үргэлжлүүлэн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан нар Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдад нэн шаардлагатай амны хаалт, гар ариутгагч бодис зэрэг эрүүл ахуйн хэрэгсэл өгч, иргэдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.