Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ.
Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүх бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д тусгасан байдаг.
Тухайн төлөвлөлтийн баруун өмнөд бүс болох Нисэх, Яармаг орчимд хотын шинэ төвийг байгуулах буюу эхний ээлжинд Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны 268 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх “Яармаг” төслийн байршлыг тогтоох асуудлыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүллээ.
Тухайн бүсийг зургаан блокт хувааж, нам давхрын орон сууцны хороолол, гол гудамжид дундаж давхрын, үйлчилгээ бүхий байгууламжтай хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд 40.2 мянган иргэн амьдрах орон сууц, 7680 хүүхдийн сургууль, 2880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн байна. Олонх Тэргүүлэгчийн саналаар Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны нутагт “Яармаг” төсөл хэрэгжүүлэх байршлыг тогтоолоо.