Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн II хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Тухайлбал Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко -Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хөрөнгөөр II хороонд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг үе шаттай хийж хэрэгжүүллээ. Тодруулбал:

2 ДУГААР ХОРОО “ЖИШИГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ”-ТАЙ БОЛЛОО

 Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн талбай, орон сууц, гэр хороололд нийт 16 тоглоомын талбай энэ онд шинээр ашиглалтад оруулна.

Энэ ажлын эхлэл болж 2 дугаар хорооны 7,8 дугаар байрны арын даланг ногоон байгууламжтай Эко хүүхдийн тоглоомын талбайг дүүргийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, ашиглалтад орууллаа. Тус байршил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр зорчдог хэсэг учир тусгай хэрэгцээт иргэдэд зориулан даланг тохижуулснаараа онцлог юм. Мөн ахмадууддаа зориулан сандал сүүдрэвч, хүүхэд, залуучуудад зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай, теннисний ширээ, эко хүүхдийн тоглоом, авто зогсоол, гэрэлтүүлэг, камержуулалт зэргээр иж бүрэн тохижуулж, иргэдийн тав тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ТӨРИЙН ӨМЧИЙН АНХНЫ СУРГУУЛЬ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БАРИГДЛАА

ХУД-ын 75-р дунд сургуулийг анх 1959 онд барьсан. Өдгөө 62 жилийнхээ босгыг давж буй тус сургууль нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон,  тусгай хэрэгцээт хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн гэдгээрээ онцлог буюу дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдсан Нийслэлд жишиг анхны сургууль юм.

Тусгай хэрэгцээт хүүхдэд ээлтэйгээс гадна газар хөдлөлт, гамшгийн үед хоргодох байртай, эмчийн өрөө, сэтгэлзүйчийн өрөө, эрэгтэй эмэгтэй сурагчийн технологийн ангиуд, урлаг, спортын заал, цайны газар гээд бүхий л анги танхим нь олон улсын стандартын дагуу зураг төслөөр баригдсан. Байгаль орчинд ээлтэй баригдсан тус сургууль нь нэг ээлжиндээ 1200 хүүхэд хүлээн авч байна.

15 ДУГААР СУРГУУЛЬ ОРЧИН ҮЕИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШИНЭ СПОРТ ЗААЛТАЙ БОЛЛОО

2 дугаар хороо 15 дугаар сургууль орчин үеийн стандартад нийцсэн шинэ спорт заалны барилга ашиглалтад орж, сурагчид хичээлийн бус цагаар спортын секц дугуйланд хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдлээ.

Цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн талбайд “УТАСГҮЙ ИНТЕРНЭТ” үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг иргэд олноор цуглардаг газарт утасгүй интернэт /free Wi-Fi/ үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Эхний байдлаар дүүргийн 2 дугаар хороо 7,8-р байрны хүүхдийн тоглоомын талбай, 14 дүгээр хорооны цэцэрлэгт хүрээлэн, Богдын музейн цэцэрлэгт хүрээлэн, 4 улирлын цэцэрлэгт хүрээлэнд тус тус байршуулсан. Цаашид хүүхэд, залуучууд олноор цуглардаг талбайд утасгүй интернэтийг дүүргийн төсвийн хөрөнгөөр үе шаттай суурилуулна.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ

Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, засвар шинэчлэлийн хүрээнд 2 дугаар хороо 4 дүгээр байрны арын нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, 19 үйлчилгээний төвийн орчим явган хүний замыг шинээр тавьж, иргэнд ээлтэй эко орчинг бүрдүүллээ.

153 ШИРХЭГ ГАРААШ БУУЛГАЖ, ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ, АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн 13 байршилд зөвшөөрөлгүй барьсан 202 авто машины гараашийг буулгаж, чөлөөлсөн талбайд иргэд, оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан тохижилт хийж, иргэдэд ээлтэй тохилог орчин нөхцөлийг бий болгосон. Тухайлбал 2 дугаар хороонд нийт 153 ширхэг гарааш буулгаж, ногоон байгууламжтай хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг тохижууллаа. Мөн 29, 33 дугаар байрны дунд гарааш чөлөөлж, чөлөөлсөн талбайд авто зогсоол, дугуйн зам, явган хүний зам, чийрэгжүүлэлтийн талбай, ногоон байгууламж бүхий тохижилт хийлээ.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ БАЙГУУЛЛАА

2 дугаар хороо 31 дүгээр байрны хойд талын талбайд хүүхдийн тоглоомын талбайг байгуулж, орчмын хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бий болголоо.

Барилга барих газрын эрхийг цуцлуулж, ногоон байгууламжтай хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байгууллаа

2 дугаар хороо Нутгийн буян 35а, 35б, 14, 37а дугаар байрнуудын дунд орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд барилга барих асуудлыг дээд байгууллагад уламжилж, барилгын эрхийг цуцлуулан тус талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж бүхий тохижилт хийлээ.

2 ДУГААР ХОРООНЫ  5 БАЙРНЫ ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЛАА

2 дугаар хороо 18, 19, 23, 28, 29 зэрэг нийт 5 байрны гадна талбайг дүүргийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламжийг нэмэгдүүлэн орчныг тохижуулж оршин суугчдад ээлтэй орчинг бий болголоо.

2 дугаар хороо 4 байрны дээвэр засвар, 3 байрны фасад засвар хийж, 800 гаруй оршин суугчид өвөлдөө дулаахан, зундаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдлээ

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2 дугаар хороо  17,22,30,31 дүгээр байрны дээвэр засвар, 8а, 30,39 дүгээр нийтийн байрны фасад засвар хийж, нийт 7 байрны 800 гаруй оршин суугчид  ая тухтай дулаахан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

“ДУНД ГОЛЫН ГҮҮР” ШИНЭЧЛЭН ТОХИЖУУЛНА 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр зорчдог 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх дунд голын гүүрэн байгууламжийн шинэчлэн тохижуулна.