Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон МУ-ын их, дээд сургууль, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн оны шилдгүүдээ шалгарууллаа. Мөн Боловсролын газраас уламжлал болгон шалгаруулдаг “Боловсролд ээлтэй Засаг дарга”-ыг тус тус шалгарууллаа.
“Боловсролд ээлтэй Засаг дарга” номинацид нийслэлийн 5 дүүргийн Засаг дарга нар өрсөлдөж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан шалгарлаа.
Дүүргийнхээ сургууль, цэцэрлэгүүдийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, багш, хүүхэд бүрийг хөгжиж сурахад таатай орчин бүрдүүлэхэд нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд анхлан санаачлага гарган, боловсролын салбарын хөгжил, цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсаныг өндрөөр үнэлэн 2017 оны “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар ийнхүү өргөмжиллөө.
“Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өргөмжлөлөө хүлээн авч, багш нартаа баярын мэндчилгээ хүргээд Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Зөв хүүхэд – Зөв ирээдүй” хөтөлбөрийг хагас жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлээд явж байна. Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүргийн хувьд онцлох жил болон өнгөрч байна.
Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа-2 хорооололд 250 ортой цэцэрлэг шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 46 дугаар цэцэрлэгийн 240 ортой барилга, 144 дүгээр цэцэрлэгийн 100 ортой өртгөтгөлийн барилга баригдснаар сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 85,0 хувьд хүрч өмнөх оноос 6 хувиар нэмэгдлээ.
Мөн Нийслэлийн дүүргүүдээс анхлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ “Эко бүлэг” цэцэрлэгтэй болж, ажилчин албан хаагчдын 60 гаруй хүүхэд хамрагдлаа. Энэ ажлаа үргэлжлүүлэн дүүрэгт байрладаг томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг уриалан эхний байдлаар “ТЭЦIII”, “ТЭЦ IV” ТӨХК-ийн дэргэд 180 хүүхдийн ортой “Эрчим” цэцэрлэг үүд хаалгаа нээгээд удаагүй байна. Цаашид Хан-Уул дүүргийн бүхий л байгууллага, аж ахуйн нэгжүүд ар араасаа дэргэдээ цэцэрлэгтэй болох байх гэдэгт итгэл төгс байна.
Дүүргийнхээ боловсролын салбарын цэцэглэлт, хөгжилтөнд үнэтэй хувь нэмэр оруулан идэвх санаачлагатай илүү ихээр хөдөлмөрлөж буй Хан-Уул дүүргийн оюунлаг, бүтээлч багш нартаа, боловсролын салбарын ажилсаг албан хаагчид та бүхэндээ дахин баяр хүргье хэмээлээ.