Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Эко бүлэг” цэцэрлэг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ цэцэрлэгийн “Эко бүлэг”-ийг Нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээлээ.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэг сургуулийн өмнөх 2-5 насны 640 гаруй хүүхдэд 44 багш, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Салбар “Эко бүлэг” цэцэрлэг нээгдсэнээр нийт 14 бүлгийн 700 гаруй хүүхдэд 50 гаруй багш, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэцэрлэгийг “Эко бүлэг” –ийг байгуулсанаар Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадуудын ажилчин албан хаагчдын 60 гаруй хүүхэд эхний байдлаар хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авахаар бэлэн боллоо.
Нээлтэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Хууль зүйн тасгийн дарга Ч.Байгаль, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Төлөвлөлт, гүйцэтгэл хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Ч.Мөнхбаатар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Ц.Одонтунгалаг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Газрын албаны дарга Д.Ган-Эрдэнэ, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ХУД-ийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Эрдмаа болон дүүргийн хэлтэс албадын дарга нар болон эцэг эхчүүдийн төлөөлөл болсон төрийн албан хаагчид оролцсон юм.
Тус цэцэрлэг нээгдсэнээр ажилчин, албан хаагчид өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын бүтээмж үр дүн өсөх зэрэг эерэг хандлагууд гарна хэмээн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд цэцэрлэгийг нээж үг хэлэхдээ онцолсон юм.
Мөн ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг байдаг. Тиймээс Засаг даргын мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадын албан хаагчдын хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилт тавьсан. Энэ зорилт маань ирэх жил бүрэн хэрэгжиж “Эко бүлэг” цэцэрлэг дахин хоёр бүлэг нэмж 120 хүүхдийн хүчин чадалтай болгон өргөжүүлөх төлөвлөгөөтэй байгаа хэмээлээ.
Цэцэрлэгт орох гээд бүртгүүлсэн ч сугалаанаас гадуур үлдсэн хүүхдүүд олон байсан гэдгийг эцэг эхчүүд хэлсэн төдийгүй Хан-Уул дүүргийн удирдлагууддаа баярлаж талархсанаа илэрхийлж, эцэг эхчүүдэд ч, улсад ч ашиг тусаа өгөх, үр дүнтэй ажил болсныг уламжиллаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөртөө “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” зорилтыг тусгасан. Уг зорилтоо амжилттай хэрэгжүүлэн боловсролын хүртээмж, үйлчилгээг сайжруулж 2017-2018 оны хичээлийн жилд Буянт-Ухаа-2 хорооололд 250 ортой цэцэрлэг шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 46 дугаар цэцэрлэгийн 240 ортой барилгын ажил амжилттай үргэлжилж тун удахгүй ашиглалтанд орох гэж байна. Үүнээс гадна 144 дүгээр цэцэрлэгийн 100 ортой өртгөтгөлийн барилга баригдснаар Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд маань сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтанд 85,0 хувьд хүрээд байгаа билээ.