Өнөөдөр Хан-Уул дүүргийн цэцэрлэг, сургууль хичээлийн шинэ жилээ хийсэн бөгөөд 1 дүгээр ангид шинээр 3639 сурагч элсэн орлоо.
Хан-Уул дүүргийн Улсын тэргүүний 75 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд ИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, НИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа, дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга Э.Батмөнх болон хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд оролцлоо.
Нээлтийг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан нээж үг хэлэхдээ нийт багш, сурагч, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргье.
Энэ хичээлийн шинэ жилд дүүргээс сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид бид бүхэн хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Ялангуяа боловсролын салбарт хийх хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд зорилтоо амжилттай хэрэгжүүлээд явж байна. Үүнд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлж, байгууллагынхаа менежмент, соёлыг төгөлдөржүүлэн, сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэн ажиллах нь боловсролын салбарын түүчээ болон ажиллаж буй та бидний эрхэм үүрэг гэж бид бодож байгаа хэмээлээ.
Мөн 75 дугаар сургуулийн захирал Д.Тунгалаг хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд сургуулийн гадна талбайг шинэчлэн засварлах ажлыг санаачлан ногоон байгууламжтай “Эко орчин” бий болгож өгсөн явдалд хүүхэд багачуудынхаа өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.