Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/149 Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох тухай

2021 оны 03 сарын 29-ний өдөр                         Дугаар А/149                                 Улаанбаатар хот

Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 20 дугаар тушаал,  Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар /ковид-19-аас сэргийлэх, тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/221 дүгээр захирамж, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/29 дүгээр тушаал, нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Коронавируст халдвар ковид-19-ын цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээ авах, голомтын өргөтгөсөн тандалт хийх зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагаас ПГУ шинжилгээ авч дуусах хүртэлх хугацаанд дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп” нийтийн 3, 4, 5 дугаар байруудад хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосугай.

  1. Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт автомашин, иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарыг тогтоож, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/-т үүрэг болгосугай.
  2. Тус 3,4,5 дугаар нийтийн байрны нийт айл өрхийн 18-аас дээш насны иргэдийг ПГУ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах, холбогдох мэдээ мэдээллээр шуурхай хангаж ажиллахыг дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга /С.Батхишиг/, хороод хариуцсан шуурхай удирдлагын багийн ахлагч /П.Амартүвшин/- нарт тус тус даалгасугай.
  3. Коронавируст халдвар /ковид-19/-ын ПГУ шинжилгээнд иргэдийг хамруулах хуваарь, төлөвлөгөөг нарийвчлан гаргах, багууд томилох, иргэд, олон нийтэд мэдээлж үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/, Боловсролын хэлтэс /Х.Отгонхорлоо/-т тус тус хариуцуулсугай.
  4. Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон бүсийн объектууд, нийтийн гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийлгэх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т даалгасугай.
  5. Тухайн нийтийн байрны аюултай болон энгийн хог хаягдлыг ялган халдваргүйжүүлэх, тээвэрлэх, устгах ажлыг тухайн байрнуудын Сууц өмчлөгчдийн холбоо болон Тохижилт үйлчилгээний төвтэй хамтран зохион байгуулж ажиллахыг Засаг даргын орлогч /С.Сайнбаяр/-д хариуцуулсугай.
  6. Шатахуун, хоол хүнс, халдвар хамгааллын хувцас, шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж зарцуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
  7. Мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/, Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа Д.Бат-эрдэнэ/-т тус тус даалгасугай.
  8. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

 ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН