Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх Оролцоо төслийн 7 дугаар ээлжийн 14 хоногийн сургалтад 200 шахам оролцогч хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр ажлын байрны орчин нөхцөл, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцах бизнес аялалд 90 оролцогч оролцлоо. Тэдний тал нь Дархан минж ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан бол тал нь Номин Холдинг компаниар зочилж, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн талаар ойлголт мэдээлэлтэй боллоо.
Энэхүү аялал нь залуучуудад бизнесийн байгууллага, түүн дундаа бодит үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрны урьдчилсан төсөөлөлтэй болгох, дэвшилтэд технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ойлголт мэдээлэлтэй болгох зорилготой бөгөөд Монголын томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа юм. Сургалтын дараа ажлын байранд үйлдвэрлэлийн дадлага хийх байгууллагаа сонгоход нь энэхүү бизнес аяллаар олж авсан мэдээлэл ойлголт дөхөм болох юм.