
Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, боловсролын хэлтэс, Зэвсэгт хүчний 326 дугаар ангитай хамтран Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” нээлттэй хаалганы өдөрлөгийн Зэвсэгт хүчний 326 дугаар анги дээр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн арга хэмжээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 10, 26, 59 дүгээр дунд сургуулиудын ахлах ангийн 100 гаруй сурагч багш нар оролцлоо.

Хугацаат цэргийн албан хаагчдын жагсаалын үзүүлэн тоглолт, ахлагч нарын гардан тулааны үзүүлэн тоглолтыг толилуулсны дараа ангийн байрлалтай танилцуулж, зэвсэглэл, цэргийн техникийг үзэж сонирхууллаа.

Мөн ангийн түүхэн замналын талаар ахмад Л.Түмэндэлгэр, “Монгол цэрэг энхийн үйлсэд” сэдвээр сургагч ахлагч Б.Батнасан, цэргийн албаны онцлог, давуу тал, цэрэг-эх оронч үзлийн талаар ахмад Г.Отгонбаяр нар тус тус мэдээлэл өглөө.
Өдөрлөгийн төгсгөлд ангийн Үлээвэр найрал хөгжим, морин хуур, гитарын дугуйлангийн хугацаат цэргийн алба хаагчид урлагийн хэсэгчилсэн түүвэр тоглолтоо сурагчдад өргөн барилаа.