Хан-Уул
Онцлох мэдээ

Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх шинэ гүүрний барилгын явц 55 хувьтай явагдаж байна

/2023.05.23/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон холбогдох албаныхан Яармагт шинээр баригдаж буй гүүрэн байгууламжийн барилгын талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 391.5 метр, 54.8 метр болон 36.7 метр урт гурван гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Одоогоор Дунд гол дээгүүр баригдах урт төмөр бетон гүүрийн 39 ширхэг дам нуруу, завсрын тулгуурын баганыг цутгаж, завсрын хоёрдугаар тулгуурын арматурыг зангидсан, бэхэлгээний хавтангийн цутгалтын ажлаар үргэлжилж байна.

Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох 483 метр урт гүүрийн байгууламж зургаан эгнээ, дөрвөн гонхтой (амралтын тавцан) энэ гүүрийн бүтээн байгуулалтад гурван компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл нь 55 хувьтай, ирэх есдүгээр сард зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

483 метр урт шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай, яармагийн авто замын ачаалал 50 хувиар буурах юм.