2023 оны 01 сарын 31-ний өдөр Дугаар А/67 Улаанбаатар хот
Шуурхай штабын үйл ажиллагааг сунгаж,
бүрэлдэхүүнийг томилох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Сайжруулсан шахмал түлш, угаарын хийн хордлогын талаар үүссэн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг дамжуулах, удирдлага зохицуулалтаар хангах, голомтод хүрэлцэн очиж хариу арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулсугай.
- Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний хуваарийг нэгдүгээр, шаардагдах зардлын тооцоог хоёрдугаар, штабын бүтцийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Шуурхай штабыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, үүссэн нөхцөл байдалд яаралтай хариу арга хэмжээ авч ажиллахыг агаарын бохирдлын асуудал хариуцсан штабын дарга (Б.Амартүвшин)-д даалгасугай.
- Ээлжийн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу нэмэгдэл хөлс олгох эсхүл нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга, захирал нарт зөвшөөрсүгэй.
- Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардагдах 1,978,000 (нэг сая есөн зуун далан найман мянга) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, батлагдсан хуваарийг мөрдөөгүй албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцож ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН