2023 оны 04 сарын 18-ны өдөр Дугаар А/201 Улаанбаатар хот
Дэд ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/242 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамжаар батлагдсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах Барилга, дэд бүтэц, барилгын түр хашааны ажлын хэсгийг нэгдүгээр, Хүнс, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын ажлын хэсгийг хоёрдугаар, Байгаль орчин, агаар, орчны бохирдлын ажлын хэсгийг гуравдугаар, Гадна тохижилт, орчны аюулгүй байдлын ажлын хэсгийг дөрөвдүгээр, Нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх ажлын хэсгийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн шатахуун болон бусад шаардлагатай зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас олгохыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (З.Буянт)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг сар бүр танилцуулж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН