2023 оны 04 сарын 18-ны өдөр Дугаар А/202 Улаанбаатар хот
Газрын зөрчил арилгаж, нүүлгэн шилжүүлэх
арга хэмжээ авах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай” 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн зам талбай, авто болон явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүйгээр байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлсүгэй.
- Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, аюулгүй байдал, хэв журмыг сахиулан ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Хурандаа Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (Дэд хурандаа С.Галбадрах)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
- Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм журмыг танилцуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, гарсан зардлыг эргэн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, улсын орлого болгохыг Хууль, эрх зүйн хэлтэс (Ч.Байгаль)-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН