2024 оны 02 сарын 05-ны өдөр Дугаар А/67 Улаанбаатар хот
Нийслэлийн зорилтот жилийн хүрээнд
хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 56.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”, “2024 оны тохижилт, бүтээн байгуулалтын жил болгон зарлах тухай” нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр захирамжуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн хэмжээнд 2024 оныг тохижилт, бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан өөрийн эзэмшлийн болон орчны 50 метр хүртэлх талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хөрс, орчны бохирдлыг бууруулж, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалсугай.
2.Тохижилт, бүтээн байгуулалтын жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
3.Мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай хамтарч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хотын стандартыг хангах талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангахыг ажлын хэсэг (С.Энхбаяр)-т үүрэг болгож, зорилтот жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (З.Буянт)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнг улирал тутам Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, тайлан мэдээг нийслэлийн ажлын хэсэгт хүргүүлж ажиллахыг ажлын хэсэг (С.Энхбаяр), хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон нийтэд мэдээлж, сурталчилахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (З.Буянт)-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН