Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор тус сарын аяныг нээж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, онцгой байдлын үед авах арга хэмжээний дадлага сургуулилтыг зохион байгууллаа.
Үйл ажиллагааны нээлтэд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга Ч.Базарзаяа “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогоос урьдчилан сэргийлэх нь зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны үүрэг бус байгууллагын бүхий л ажилтан албан хаагчдын хамтын ажиллагаа” хэмээлээ.
Аяны нээлтэд 150 гаруй байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнууд оролцож, дүүргийн Цагдаагийн болон Прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, сүүлийн жилүүдэд зонхилон тохиолдож буй үйлдвэрлэлийн осол, ослын үед авах арга хэмжээний талаар тодорхой кэйсүүдэд тулгуурлан хууль, эрх зүйн зөвлөгөө, зөвлөмж өгснөөс гадна Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Таван богд групп хамтран гал түймэр болон гамшиг ослын үед үзүүлэх авах хариу арга хэмжээ, нэрвэгсдэд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний талаар ажилтнуудад заавар зөвлөгөөг онол практик хослуулан үзүүллээ.
Сургалтын төгсгөлд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн” зөвлөлийн нэрэмжит дарцгийг аж ахуйн нэгж, байгууллагуудаар 2025 оны 11 дүгээр сар хүртэл аялуулахаар “Осолгүй хамт олон” дарцгийг “Говь” ХХК-д хүлээлгэн өглөө.