Нийслэлийн 9 дүүргийн 173 хороонд SMARTUB аппликэйшныг ашиглан Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг иргэдээс авах ажил эхэллээ. Цахим санал асуулга нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн 18-аас дээш насны бүх иргэд хамрагдах боломжтой.
Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд Хан-Уул дүүрэгт нийт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, тохижилт, тоног төхөөрөмжийн ажил хийгдсэн бол дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1-11, 14-21 дүгээр хороодод “Камержуулалт”, 12, 13 дугаар хороодод “Гүний худаг байгуулах” ажлууд хийгдэхээр худалдан авах ажиллагааны шатанд явагдаж байна.
Харин 2021 онд Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр мөн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, тохижилт, бүтээн байгуулалтын ажил, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1-11. 13-21 дүгээр хороодод “Камержуулалт”, 12 дугаар хороонд Цагаан эргийн модон гүүрний засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр батлагдаж, бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Иймд иргэд та бүхнийг #SmartUb📲 аппликейшнийг ашиглан 2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих ажилд иргэдээс авах цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.