Хан-Уул
Мэдээлэл

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ИРГЭД “QR” КОДЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЯВДАЛ ЦӨӨНГҮЙ ГАРСАН БАЙГАА БӨГӨӨД УЛМААР ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ үед УОК-оос зайлшгүй шаардлагатай тусгай чиг үүрэг бүхий 11 чиглэлийн 13 байгууллагын тээврийн хэрэгслийг авто замын хөдөлгөөнд оролцуулахаар “QR” кодыг олгосон.

Гэтэл иргэд “QR” кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцох явдал цөөнгүй гарсан байгаа бөгөөд улмаар  гэмт хэрэгт  холбогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас иргэн Б-д холбогдох “QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцсон” гэх эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, тээврийн хэрэгслийг тусгай зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан тохиолдолд иргэн та “QR” кодыг хуурамчаар үйлдэн, ашигласан түр зуурын болчимгүй үйлдлээс болж насан туршид шүүхээр ял шийтгүүлсэн гэх хар мөртэй үлдэхээс болгоомжил.

ХАН-УУЛ  ДҮҮРГИЙН  ПРОКУРОРЫН ГАЗАР