Хан-Уул
Мэдээлэл

ТУРШЛАГА СУДЛАХ, ТАЛБАЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “Ноос ноолуур болон арьс ширний үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах талбайн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад оролцож буй дүүргийн хэмжээнд арьс шир, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт “Зээлийн батлан даалтын сан”-гийн мэргэжилтэн зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа.

Мөн уулзалтад оролцогчид “ЭВСЭГ” ХХК /ноос ноолуур/, “МОН ИРЭЭДҮЙ” ХХК /арьс шир боловсруулах/, “ИХ ЭРГЭЛТ” ХХК /арьс шир боловсруулах/ эдгээр компаниудын үйлдвэрийн байр, лабораторуудтай танилцаж туршлага судаллаа.

Арьс ширний чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй бизнес эрхлэгчдэд иргэд олон нийтийн зүгээс байгаль орчин бохирдуулдаг, ус их хэрэглэдэг, байгальд ээлгүй гэх зэргээр буруу ойлголт байдаг нь үйл ажиллагаа хэвийн тогтвортой явуулах, дэмжлэг туслалцаа авахад саад учруулж байгааг энэ үеэр бидэнд уламжиллаа.