Хүний нэг хоногт унтах нойрны хэмжээ насны онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг ч насанд хүрэгчид шөнийн цагаар 7-8 цаг унтах шаардлагатай гэж үздэг. Ажлын ачаалал, стрессээс шалтгаалан нойргүйдэлд өртсөн гэж үзэж байгаа бол дараах энгийн аргуудыг хэрэглээд үзээрэй.
Орчноо бүрдүүлэх
Орондоо зурагт үзэх, утсаа оролдох, юм идэх зэрэг нь орондоо ороод унтах ёстой гэсэн бодлыг саармагжуулдаг учир орондоо орсон л бол зурагт, компьютер зэрэг тоног төхөөрөмжүүдээ бүрэн унтрааж, утсаа өөрөөсөө хол тавин, унтахад зориулагдсан тав тухтай орчин бүрдүүлээрэй.
Сэтгэл санаагаа тайван, тэнцвэртэй байлгах
Шөнийн нойроо сайн авахын тулд сэтгэл санаагаа тайван тогтвортой байлгах нь чухал байдаг учир унтаж амрахын өмнө уурлах, бухимдах, санаа зовох, догдлох зэрэг мэдрэмжээ багасгахыг хичээгээрэй.
Уйтгартай ном унших
Сонирхолгүй, уйтгартай, ойлгомжгүй материал унших нь зөвхөн шөнийн цагаар бус хүссэн үедээ унтахад тань туслана. Үүнийг та орой бүр унтахаасаа өмнө хэрэгжүүлвэл унтах цаг болсныг тархинд сануулах болно.
Нойрны эмнээс татгалзах
Нойрны эм нь танин мэдэхүйн чадвар муутгах, идэвх сулруулах, өдрийн турш нойрмоглуулах, донтуулах зэрэг гаж нөлөө ихтэй байдаг учир нойргүйдэлтэй тэмцэх хамгийн сүүлийн арга юм. Тиймээс та өөрийгөө нойргүйдэлд өртсөн гэж үзвэл юун түрүүнд амьдралын хэв маягаа өөрчлөөд үзээрэй.