Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

“Эрүүл хөрс-Эрүүл орчин” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/229 дүгээр захирамжийн дагуу хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хогийн цэг, гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эхэллээ.

Тус ажлын хүрээнд  хороодын хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хогийн цэг зэрэг нийт 2.5 га талбай, гэр хорооллын 8000 гаруй нүхэн жорлон бохирын цооногийг ариутгаж халдваргүйжүүлэх бөгөөд хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагчдад тус бэлдмэлийг хэрэглэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна.

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг байгаль орчны бохирдлыг, тухайлбал ус, хөрс орчны бохирдлыг бууруулах, эко системийг сэргээх, цэвэрлэх байгууламж, бохирын цооног, нүхэн жорлонгийн бохир ус, лагийг хоргүйжүүлж цэвэршүүлэх үйлчилгээтэй хүний эрүүл мэнд, мал амьтан, ургамал, байгаль орчинд хоргүй ЕМ буюу ашигтай бичил биетний био бэлдмэлээр хийх юм байна. Тухайлбал ЕМ буюу ашигтай бичил биетний био бэлдмэл нь байгаль дээр натураль хэлбэрээр оршин байдаг тараг, бяслаг зэргийг үйлдвэрлэхэд ашиглагддаг сүүн хүчлийн, талх, пиво исгэж үйлдвэрлэхэд ашигладаг дрожж, мөн газрын хөрсөнд хамгийн элбэг байдаг фототроф буюу фотосинтезийн микроорганикмаас бүрддэг бөгөөд дэлхийн олон улс орны туршилт, судалгаа шинжилгээ, хэрэглээний үр дүнгээр батлагдсан бүтээгдэхүүн ажээ.