Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Эрүүл иргэн” аянг зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн хүрээнд Хан-Уул дүүрэгт 3 сарын турш үргэлжлэх “Эрүүл иргэн” аян Хан-Уул Эрүүл Мэндийн Төвийн Яармаг салбарын гадна талбайд өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийлээ.
Аяны нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, ХУДЭМТ-ийн НЭМО-ын дарга Б.Лувсанням, дүүргийн ӨЭМТ-ийн нарийн мэргэжлийн эмч болон 200 гаруй иргэдийн төлөөлөл оролцож, эмч, мэргэжилтэнгүүд иргэдийн даралт, өндөр жинг үзэж тодорхойлж эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааны материалийг тараан ажиллалаа.
Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн хорооны Эрүүл мэндийн төвүүд дээр дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоог газар дээр иргэдэд үзүүлж, өвчин эмгэг ийг эрт оношлуулж, хүндрэлээс иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс тус аян зохион байгуулагдаж буй.
Мөн иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг нь сайжруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох ажлыг зохион байгуулагдана. Өнгөрсөн онд энэхүү тус аяны хүрээнд дүүргийн 1500 гаруй иргэний урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бол энэ жил 9500 иргэний хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд дүүрэгт түр оршин суудаг иргэд болон зорилтот бүлгийн иргэдийг ч бүрэн хамруулахаар зорьж ажиллаж байгааг зохион байгуулагч нарын зүгээс онцлон хэлж байлаа.
Тус аяныг идэвх санаачлагатай, үр дүнтэй зохион байгуулан ажилласан хороо, өрхийн эрүүл мэндийн төвийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас шалгаруулж, урамшуулах юм байна.