Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийн алслагдсан 12,13,14-р хорооны иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан хүргэх зорилгоор “Халамжаас-Хөдөлмөрт” явуулын нэг цэгийн үйлчилгээний өдөрлөгийг 2018 оны 07 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин,12,13,14 хороодын Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нар оролцов.
Өдөрлөгт “Говь” ХХК, ”Гоёо” ХХК, ”Эко-констракшн“ ХХК, ”Ньюпос”ХХК, “Номин холдинг” ХХК, ”Жой тройзон” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 700 гаруй нээлттэй ажлын байранд ажилтан, албан хаагч авахаар хамтран оролцсон төдийгүй Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагууд өөр өөрийн чиглэлээр дэмжин оролцов.
Өдөрлөгийн үеэр 114 иргэн хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээлэл авч, ажил хайгч иргэнээр бүртгүүлэн, 52 иргэн байнгын болон түр ажлын байранд зуучлагдсан байна. Түүнчлэн 116 иргэн нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл зөвлөгөө авч, зорилтот бүлгийн 18 иргэн ОНОТХҮ-ий бичиг баримтжууулах үйлчилгээнд хамрагдан иргэний үнэмлэхээ үнэ төлбөргүйгээр авч хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах боломж нээгдэв. Өдөрлөгт оролцсон ажилгүй, ажил хайж байгаа 17 иргэнийг 12,13-р хорооны хэрэгцээ шаардлаганд тулгуурласан “Нийтийг хамарсан ажил”-д хамруулан түр ажлаар хангалаа.
Өдөрлөгт оролцсон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар 313 иргэнд зөвлөгөө өгөн, үзлэг шинжилгээ хийж, ЭМНДХ-ийн албан хаагчид 121 иргэнд эрүүл мэнд, нийгмийн даатгал,тэтгэвэр тэтгэмжийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, сайн дурын даатгал шинээр нээх, зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг үнэ төлбөргүй бөглөх зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна.