Хан-Уул дүүргийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд газар тариалан эрхлэгч 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож цаг үеийн мэдээ мэдээлэл авсан үр дүнтэй зөвлөгөөн болж өнгөрлөө.
Зөвлөгөөнийг нээж дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн үг хэлж, тариаланчдад ажлын амжилт хүслээ. Тэрээр “Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн газар тариалан эрхлэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэл дүүргийн хүн амыг эрүүл хүнсээр хангах хэцүү боловч хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлж буй та бүхнийг урьж энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бидний хувьд нэр төрийн хэрэг. Өнөөдрийн зөвлөгөөнөөр дүүргийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлыг талаар та бүхэнтэй хэлэлцэн ярилцаж, нэг зорилго, нэг чиглэлд хамтдаа шийдвэр гаргахаар өнөөдрийн зөвлөгөөний зорилго оршино. Ялангуяа хүн амыг эх орны хөрсөнд тарьсан, эрүүл хүнсээр хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг газар тариалангийн салбарыг хагжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад дүүргийн онцгой анхааран ажиллаж байна” хэмээлээ.

Зөвлөгөөнөөр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд “Ургамалын гаралтай түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох журам болон Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж буй “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөр болон хөдөө аж ахуйн даатгалын ач холбогдлын талаар тус тус мэдээлэл хийж, газар тариалан эрхлэгчдэд зориулж хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, үр, үрсэлгээ, бордоо, боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулагдлаа.

Мөн зөвлөгөөнд оролцогсдод Үхрийн нүдний суулгац, 10 төрлийн хүнсний ногооны үр/ Сонгино /төл, бөөрөнхий, урт/, манжин /шар, хүрэн/ лууван, сармис, гоньд, тарвас, амтат гуа/ олголоо.

Түүнчлэн газар тариалангийн салбарт үр бүтээл, амжилттай ажиллаж байгаа тэргүүний тариаланчдийг дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр шагнаж улмаар тариалан эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хаврын тариалалтын ажлыг хангахад анхаарах асуудлын талаар хэлэлцэж,ярилцсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Хан-Уул дүүрэг нь Нийслэлийн хэмжээнд хураан авч буй төмс, хүнсний ногооны 10 гаруй хувийг нийлүүлдэг. Жилд дунджаар 300га-д 12-15 нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалж, 2000 гаруй тонн ургац авдаг. Энэ нь дүүргийн хүн амын хүнсний хэрэгцээний 15%-ийг хангаж байгаа гэсэн үг. Үүнд тариалалтын 40 орчим хувийг байцааны тариалалт эзэлдэг байна.
Мөн Хан-Уул дүүрэг нь “Адра монгол” ОУБ, “Каритас монгол” ТББ, “Фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран төмс, хүнсний ногооны төслийг амжилттай хэрэгжүүлж,төсөлд нийт 300 гаруй өрх хамрагддаг байна.
Тариаланчдынхаа борлуулалтыг дэмжих зорилгоор 8-11 дүгээр сард “Монгол ногоо” үзэсгэлэнг 2-4 байршилд, хороо бүрт машинтай ногоо худалдааг уламжлал болгон зохион байгуулж байна.