2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа дуусах хугацаа ойртож, анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
БСШУ-ны сайдын 2013 оны А/309 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон чанарын үнэлгээний журам”-ын 4.1, 4.2 дахь заалтыг үндэслэн 5,9,12 дугаар анги төгсөгчдөөс 2018 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд улсын шалгалтыг орон даяар зохион байгуулна.
Энэ хичээлийн жилд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөгчдөөс авах улсын шалгалтыг зохион байгуулахтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс “УЛСЫН ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалтыг ЕБС-ийн сургалтын менежерүүдэд 2018 оны 04 сарын 26-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтаар улсын шалгалтын зохион байгуулалт, блупринтийн тухай ойлголт, блупринт боловсруулах, түүний дагуу даалгавар боловсруулах арга зүй, улсын шалгалтын даалгаврын сангийн танилцуулга, даалгаврын сан ашиглах, блупринтийн дагуу даалгавар үүсгэх талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Батсүх, Б.Батзаяа нар танилцууллаа.