Хан-Уул
Мэдээлэл

ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО ТАРИХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДЭД ЦОГЦ МЭДЛЭГ ОЛГОХ ЭХНИЙ ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Монгол ногоо” төсөлтэй хамтран төмс, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдэд “Талбайн төлөвлөлт үр ашиг ба хамгаалагдсан хөрсний боловсруулалт, тариалалт” сэдэвт онол дадлагын сургалтыг зохион байгуулж, гарын авлага, хүнсний ногооны үр олголоо.

Сургалт нь 4 үе шаттайгаар онол болон талбайн сургалт хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд сургалтанд хамрагдах сонирхолтой иргэд харьяа хороондоо бүртгүүлэн сургалтанд хамрагдах боломжтой юм.

 

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол ногоо” төсөл нь өрхийн тариалан эрхлэгч иргэдийг дэмжих, төмс, хүнсний ногоог органик аргаар үйлдвэрлэх, аж ахуй эрхлэх, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дүүрэгт 3 дахь жилдээ хэрэгжиж байна.

 

Төслийн хүрээнд :

  1. Өрхийн тариалан эрхлэх сонирхолтой иргэдэд төмс, хүнсний ногоо тариалах, арчлах, хадгалах технологийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах;
  2. Дүүргийн 10, 13 дугаар хорооны гэр хороололд амьдардаг өрхүүдээс нэг гудамжинд амьдардаг 10-14 өрхийг сонгон авч жишиг гудамж бий болгон, өрхийн тариалан эрхлэлт, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар аж ахуй эрхлэх, ур чадвар эзэмшүүлэх;
  3. Тарьж ургуулсан хүнсний ногоогоо боловсруулах аргад сурган үр шимийг нь хүртээх, үрсэлгээгээгээр хангах зорилгоор үрслэгээний үйлдвэрлэлийг дэмжих ажлыг зохион байгуулах
  4. Хүүхэд, багачуудад экологийн боловсрол олгоход нь туслах, үдийн цай, хоолонд өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоог боловсруулах, хэрэглэх мэдлэгийг олгох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дүүргийн 77771965/513/ утсанд холбогдож авна уу.